fbpx
LifestyleНийтлэл

ХАРДАЛТ хайртайн шинж үү.

Олон хүн хардалтыг хайртайн шинж гэж өмгөөлөөд өнгөрдөг. Гэвч өөрийнх нь амьдралд энэ асуудал байхгүй болохоор хэлэхэд амархан байж магадгүй л юм. Хардалт энэ бол хайрын шинж тэмдэг биш! Энэ бол үл итгэсэн, таныг зүгээр эд зүйл шиг өмчлөх гэсэн аюултай сөрөг сэтгэл хөдлөл хандлагын илрэл.

Түүнд хэмжээ хязгаар гэж байдаг уу? Үгүй. Жаахан хартай гэхдээ зүгээр гэх мэт зүйлс бол өнгөлөн далдлалт. Гэхдээ үүнийг харамлах хайрлан энэрэх сэтгэлээс ялгах хэрэгтэй. Учир нь та түүнд бүхнээ зориулсан тул түүнийгээ харамлах нь байх ёстой зүйл. Заримдаа үүнийг ялгаж салгахад бэрхтэй мэт санагдаж болох.

Хардалт бол хайр биш, хүсэл шуналын сөрөг үр дүн. Хардалт нь таныг та болгож бусдаас ялгаруулж байдаг эрх чөлөө, тусгаар байдлын үнэ цэнийг алдагдуулах тэр зүйл юм. Хардалт бол тэр өөрийгөө тайван байлгахыг хүсч таныг зовоож ганцаардуулж өмчилж байгаа амин хувиа хичээсэн үйлдэл.

Танд хөгжиж дэвших аз жаргал мэдрэхийн тулд тодорхой орон зай хэрэгтэй. Эрүүл аз жаргалтай хайр нь 100% итгэлцэл байдаг. Таны ургаж цэцэглэхийг хүлээн зөвшөөрдөг, хамгаалдаг тэр л хайрыг та олох хэрэгтэй. Бие биенээ дэмжиж, бие биендээ хамгийн сайн сайхан бүхнээ зориулж чаддаг хүмүүс хамт байх ёстой.

Хардалтыг ямар ч байдлаар алга болгож чадахгүй эмчилгээгүй зүйл. Тэгэхээр анхнаас нь таньж мэдэх, зайлсхийх, учрахгүй байх, учирсан бол эртхэн дээрээ салах гэсэн сонголтууд байна. Гэхдээ сэтгэл зүйч Ж.Үйлстийн дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.

Нэг ёсондоо хардах өвчин даамжирсаар сэтгэцийн эмгэг байдалд шилжиж ХАРДАХ СОЛИОРОЛТОЙ \анагаах ухааны нэр томъёо) болдог. Ийм хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш. Хардах эмгэгтэй хүмүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна өөрийнхөө бодлыг тулгадаг, дарангуйлагчийн шинжтэй байдаг. Ийм шинж тэмдэг гол төлөв эрчүүдэд ажиглагддаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд илүү сул дорой байдлаар илэрдэг. Гомдолломтгой, хэрүүл нэхдэг, итгэлгүй, заргач байхаас гадна, үг хаядаг, өөнтөгч байдаг.

Хардалтыг даван туулах зөвлөмж

1.“Нүдээрээ харж, гараараа бариагүй л бол юунд ч бүү итгэ” гэсэн үгийг санах хэрэгтэй. Харддаг хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг ургуулан бодохдоо гаргууд улс болохоор хардалтаа бодит мэтээр төсөөлөх нь ч бий.

2.Хардалт бол өөрийгөө үгүйсгэж буй хэлбэр гэдгийг санах хэрэгтэй. Тухайн хүн өөртөө итгэлгүй, гундуу дорой, хулчгар байгаагийн шинж нь хардалтаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ намайг орхичих вий, би хаягдчих вий гэсэн бодлоос үүдэн өөрийгөө тээр дор тавьж буй хэрэг юм. Хардах сэдэл төрөх л юм бол өөрөө өөртөө тавих анхаарал халамжаа нэм, улам гоё бол, өөрийгөө боловсруул. Хаана ч, хэнд ч хэрэгтэй хүн гэдгээ илүү ихээр мэдэр. Энэ нь сул дорой байдалтай тэмцэх хүчирхэг зэвсэг юм. Ингэх тусам хайртай хүн чинь танд татагдаж таны хүчирхэг байдлыг дээдлэх болно.

3.Хайртай бол хартай гэдэг үгэнд бүү авт. Хартай хүмүүс л өөрийгөө өмөөрч энэ үгийг хэрэглэдэг. Хүн бүхний дотор өмчирхөх, өөртөө хамаатуулах сэтгэл нуугдаж байдаг болохоор бид бүгдийн дотор хардалт унтаж байдаг. Харин түүнийг ухаанаараа дийлэх үү, эсвэл сэтгэлийнхээ жолоог алдаж гэр бүл, хайр сэтгэлээ хөмрүүлэх үү гэдэг нь энэ хэлцэнд итгэх үү, үгүй юу гэдэгтэй утга дүйнэ.

3.Өөртөө болон хайртай хүнд тань хувийн орон зай хэрэгтэй гэдгийг сана. Гэр бүл болно гэдэг нэгэн биеийн нөгөө хэсгээ оллоо гэдэг ч аливаа хүнд хувийн орон зай заавал байх хэрэгтэй байдаг. Одоо байгаа бодлоосоо ангижраад өөрийгөө таниж мэдэх, хөгжүүлэхэд илүү их цаг зав гарга.

4.Бүгд л сүүлэрдэг гэсэн явцуу бодлоосоо ангижир. Найзуудтай нь битгий жиш, яагаад хардаад байгаагаа өөрөөсөө асуу, хайрт чинь үнэхээр тийм хардахаар үйлдэл хийдэг хүн мөн үү? Ургуулан бодох оо яг одоо зогсоо

5.Харилцаагаа халуун байлгаж, бие биедээ хайрын үг хэлж бай. Хэзээ хамгийн сүүлд итгэж хайрладагаа илэрхийлсэн бэ? Арай санахааргүй удаан хугацаанд хайртыгаа хардаж зовоосон юм биш биз? Хүн хэдий их итгэл хүлээлгэнэ төдий чинээ итгэлийг нь алдахгүйг хичээдэг юм шүү.

6.Хардаж, сэрдэхээ бүү урьтал болго. Хардалтын нүдээр эргэн тойронд байгаа зүйлс өөрөөр харагдаж, гэмгүй энгийн байгаа зүйлүүд ч хоорондоо уялдаа холбоотой, сэжиг бүхий болж хувирдаг. Тайвшир, тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлж байгаад түүнтэй ярилц, ойлгохыг хичээ, чиний төлөө юу хийгээгүйн тухай бус, юу хийсэн тухай нь бод. Хэрэв өмнө нь алдаа гаргаж байсан бол алдааг нь уучил.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
error: Хуулах хориотой !!
Close