fbpx
LifestyleNewsНийтлэл

1980-90 онд ЭЦЭГ, ЭХЭЭСЭЭ суралцаж байсан АМЬДРАЛЫН хичээлүүд. Гол нь одоо бидэнд дутагдаж байгаа

Одоогоос 20-30 гаруй жилийн өмнөх гэхэд л хүүхэд өсгөх хүмүүжүүлэх асуудал өнөөгийн нөхцөл байдлаас шал өөр байлаа даа. Гэхдээ энэ нь биднийг хуучин үеийн хүүхэд өсгөх үнэ цэнэтэй зөвлөгөөг дагахгүй байж болно гэсэн үг биш билээ. Өдгөөгийн өндөр хурдацтай хөгжиж буй, техник, технологийн эрин зуунд бид өмнөх үеийн эцэг эхийнхээ ариун нандин сургаал, үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайн, сайхан заавар, сургамжийг хэрэгжүүлэхэд яагаад болохгүй гэж тийм үү.

Бидний амьдралыг маш энгийн байлгадаг байлаа
Тэр үед бидэнд тийм ч их материаллаг зүйлс шаардагддаггүй байлаа. Одоогийн минималист чиг хандлага гэх үү дээ. Гэхдээ бид өөрсдөө адал явдал, хөгжөөнт дурсамжаа бүтээдэг байсан болохоор аз жаргалтай хүүхдүүд байсан гэж хэлж болно. Ээжийн хийж өгдөг байсан амттай боорцог, аавын урлаж өгдөг тоглоомон машин зэрэг зүгээр л энгийн нэг амьдрал дахь таашаалууд бидэнд өөр хаанаас ч олдохгүй эрдэнэ мэт санагддаг байсан шүү дээ.

Мөн бид гэр бүлээрээ хамт кино үзэх, инээж хөхрөлдөх, зайрмаг төдийхөн идэх, найзындаа хонох зөвшөөрөл авах зэрэг маш энгийн л хэв маягтай амьдарч байсан. Төрсөн өдрөө тийм ч сүртэй тэмдэглэхгүй зүгээр л найзуудтайгаа хамт гэртээ газтай ундаа ууж, хаа нэг олдсон чихэр жимс зэрэгт хөгжин баясч, олон олон хөгжөөнт тоглоом тоглох зэргээр аз жаргалыг мэдэрдэг байсан. Одоо гэтэл ухаалаг утасны араас гарахаа байжээ дэндүү уйтгартай биш гэж үү.

Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байжээ.
Бид одоо маш завгүй болжээ. Ажил гэрийн хоёрын хооронд жим татуулж, хүүхэдтэйгээ ч хамт өнгөрүүлэх цаг хугацаагүй эрин зуунд амьдарч байна даа. Хэдий бид хүүхдэдээ тухтай амьдралыг өгөх гэж мөнгөний төлөө зүтгэж байгаа ч хамтдаа тоглох, ном унших, эсвэл бүр зүгээр л хамт байх зэрэг нь эцэг эх хүүхдийг харилцаанд хамгийн чухал нөлөө үзүүлдэг ач холбогдолтой зүйл гэдгийг бүү мартаарай.
1980,90 онд ээж аавын маань хувьд хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх асуудал хамгийн чухалд тооцогддог байлаа. Тэд хүүхэдтэйгээ хамт дурсамж бүтээхэд бүхнээ зориулахыг эрмэлздэг байсан. Аавын аягатай хоол, ээжийн чанасан цай зэрэг нь одоо ч дурсамжид минь байна. Гэр бүлээрээ халуун яриа өрнүүлж богинохон гарах телевизийн мэдээ, нэвтрүүлэг одоо ч ой санамжид тод үлджээ. Мэдээж зуслан гарах, гол дээр тоглох хамтдаа гэр барих гээд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байжээ.

Бидний бүтэлгүйтэл, дургүйцлийг хэзээд хүлээн зөвшөөрдөг байсан
Бүх л эцэг, эхчүүд хүүхдээ аз жаргал, ололт амжилт дүүрэн хамгийн сайхан амьдралтай байгаасай л гэж хүсдэг. Гэхдээ ингэж хүслээ гээд хүүхдээ бүхий л хугацаанд хамгаалах гэж оролдох, элдэв саад бэрхшээл тохиолдоход байнга өмнөөс нь шийдэж өгч амьдралыг нь хялбарчлах ёстой гэсэн үг биш юм.

Одоо бодоход тэр үед бидний эцэг эх хүүхдүүддээ бодит амьдралд хөл тавихад нь зөв хүмүүжил, тэсвэр хатуужлыг олгодог байжээ. Тэд биднийг алдаа онооноосоо суралцах, хийсэн үйлдлийнхээ эзэн нь байж, өсөж дэгжих, хүн шиг хүн болгохыг их зорьдог байж дээ. Юуг яаж хийхийг яг л тэднээсээ сурч үлгэр дуурайл болгодог байлаа.

Тэд бидэнд итгэдэг байсан
Бидний ихэнх маань өдөржингөө харанхуй болтол найзуудтайгаа дугуй унаж, хашаа руу авирч хамт тоглон орой нь гэр лүүгээ ганцаараа харьдаг байсан үеэ санаж байгаа байх. Эцэг эх маань хүүхдүүдээ биеэ даасан хүн болгон өсгөж, биднийг хангалттай зөв шийдвэр гаргаж чадахуйц нэгэн гэдэгт итгэдэг байсан болохоор дураар маань эрх чөлөөтэй байлгадаг байсан. Хэрэв та одоо хүүхдээ ирээдүйд нь бэлтгэж байгаа бол энэ хамгийн чухал зүйл юм шүү. Тэр үед жинхэнээсээ бусдын эрхээр хязгаарлагдсан эрх чөлөөг эдэлдэг байсан санагдана.

Хүүхдээ хэт их өмгөөлж хамгаалах нь түүнийг хариуцлага тааруухан, насанд хүрсэн том хүн болоход нь саад болдог гэдгийг санаарай.

Мөнгөний үнэ цэнийг ойлгуулсан

Өнөө үед ихэнх хүүхдүүд мөнгөний талаар ойлголт муутайгаас гадна хэрэгцээ хүсэл хоёрынхоо ялгаа заагийг тодорхойлохдоо тун тааруу болсон нь ажиглагддаг. Харин өнгөрсөнд биднийг эцэг эх мөнгөний үнэ цэнэ түүнийг хэрхэн ариг гамтай зарцуулах талаар бидэнд ихэд үнэтэй зүйлийг зааж сургасан шиг санагддаг. Тэд бидэнд мөнгөө хэрхэн хадгалж, зохицуулах зэргийг ойлгуулж өгсөн.
Бага балчир насанд нь тууштай хөдөлмөр л эзэндээ мөнгө авчирдаг гэдгийг хүүхдэдээ ойлгуулж чадвал тэд үлдсэн амьдралынхаа турш маш сайн санхүүгийн ойлголт, мэдлэгтэй нэгэн болж төлөвших болно.

Гадаа бүтэн өдөржин тоглохыг зөвшөөрдөг байсан

Хүүхдүүд өдрийн цагаар ч гэрийн бараа харахгүй тоглодог үе байсан шүү дээ. Бидний ээж аав хүүхдүүдээ хүссэнээр тоглох бүрэн эрх чөлөөг нь олгодог байлаа. Хичээл сургуулиасаа тараад ирэх үед хоол бэлэн, оройн хоолоо идчихээд дахиад ч тоглох боломжтой байдаг байсан.

Ээж аавууд гадаа найзуудтайгаа тоглон, дасгал хөдөлгөөнтэй байж, өөрсдийнхөө бүтээлч байдлыг хөгжүүлэх нь ямар их ач тустайг мэддэг л байсан үе. Гэтэл одоо цаг ч цөвүүн болж гадаа тоглохоос илүүтэй гэртээ утас комьпютерийн ард сууж эрүүл мэндээрээ хохирч байна.

Гэрийн ажилд туслахыг дэмждэг, шаарддаг байлаа

Бидний ихэнх нь жоохон байхдаа хийдэг байсан гэрийн ажлуудаа санаж байгаа байх тийм үү. Аяга угаах, хог шүүрдэх, тоос арчих, түлээ хагалах, ус авах, зөөх гээд ажил мундахгүй. Одоо бодохнээ эцэг эх маань гэрийн жижиг ажлуудыг биднээр хийлгэхийг зөвшөөрч гэр бүлдээ тус дэмтэй хүн болох үндсийг нь тавьж өгсөн байдаг. Бид идсэн уусан аяга тавгаа угаах, сандал ширээгээ хураах, ороо засах, хураах, нойлоо цэвэрлэх зэрэг энгийн хирнээ хөдөлмөр шаардсан зүйлүүдийг хийж өссөн. Бид гэрийн ажилд тусалж байхдаа өөрсдийгөө үүрэг хариуцлагатай, цэвэр цэмцгэр нэгнээр мэдэрч энэ нь биднийг ирээдүйд халамжтай, биеэ даасан нэгэн болоход тусалсан.

Таны хувьд ээж ааваасаа сурсан хамгийн үнэтэй зүйл вэ? Тэдгээр зүйлсээ ирээдүйд хүүхдээ өсгөхдөө мөн ашиглана гэж боддог уу? Коммент хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй.

Эх сурвалж: zuvluh.com

Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close