fbpx
LifestyleНийтлэлХувцас, загвар

Эр хүн БҮСЭЭ зангидаж унтах МОНГОЛ ЁС

Чингис хаан тэнгэрт мөргөхдөө бүсээ тайлж мөрлөн хүсэл залбирлаа хэлдэг гэдгийг Монголчууд бид мэдэх билээ.

Бүсийг алив задгай таранхайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтэх төрийн бүс гэж эрхэмлэдэг. Бүстэй холбоо бүхий ёс горим маш олон тухайлбал бүс зангидах болон өөр хүнтэй бүсээ солихыг цээрлэх ба харь элэгний хүнтэй андлан ах дүүс болон итгэлцэх тохиолдолд бүсээ сольж бүслэх уламжлал байжээ. Бүс нь хүний цог жавхаа, хийморь, лундаа, бэлэг дэмбэрэл шингээдэг хэмээн үзэхийн хамт зан заншлын ёстой холбох эртний улбаатай.

Энэ нь буриад зоны дотор ураг холбох, барилдахаа баталгаа болгон, бага насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийгээ бүс солих ёс гүйцэтгүүлдэг байсан ажээ. Гяраг бүс нь тоногтой бүс, асгараг бүс нь өргөн суран бүс хэмээн олон янз буй. ХІХ-ХХ зууны эцэст буриад нар хонины хар ноосоор бүс нэхэн бүсэлж байснаа ХХ зууны эхэнд бүсээ ноосоор сольсон аж. Нэхсэн бүсний өргөн нь 27 см, урт нь 2-4 см байсан. Хоёр зууны заагт буриад зоны бүс нь дурдан, хагас торгомсог бөс болон Орос, Хятадын худалдаачдаас арилжсан бөс даавуугаар бүсээ хийдэг болжээ.

Манай Монголчууд хүний бүсэн дээгүүр ямар ч үед алхаж, гишгэдэггүй заншилтай. Эр хүний бүсэлсэн бүс олон дахин алдуурах, алдуурсан бүсээ чирч яваа эрчүүдэд хүмүүс тун ч сэтгэл дундуур байдаг юм. Эрэгтэйчүүдийн бүс нь бүслэх арга, бүсний урт, богино, өргөн, нарийн зэргийн онцлогоос хамаарч баяр ёслолынх, ажил хөдөлмөрийнх хэмээн ангилна. Хүн бүсээ бүслэхдээ нар зөв ороодог бөгөөд бүсэнд тухайн хүний сүлд байдаг гэж дээдлэн хүндэлдэг билээ.

Монгол хүн бүсээ зангирахыг цээрлэх бөгөөд хэрэв хүний бүс аяндаа зангирсан байвал гурав хонуулаад хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиа тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон үзсэнийг асуухад бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн олсон юмны сайн, муу хоёр талын аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсийг тайлж өгдөг байжээ. Бүсээ бусдын эхнэрээр бүслүүлэх, эсвэл нар буруу ороохыг цээрлэнэ.

Хүн бүсээрээ биеэ ороож зангидах, холбон аралж бүслэх гэж үндсэн хоёр аргатай юм. Даавуу бөс, сүлжмэл бүсийг бүслэхдээ хүн хоёр ташаандаа гоёл болгож том, бага хоёр зангиа гаргаж үзүүийг нь баруун, зүүн ташаандаа унжуулан бүсэлдэг заншилтай. Дээлийн бүсийг суран ба даавуун гэж ангилах ба бүсний өнгө нь хул шар, улбар шардуу байх нь элбэг. Утсан бүс гэдэг нь өргөн тууз цохиж нэхсэн бүс бас байдаг. Суран бүсийг адуу, үхрийн ширээр хийж, гадна талыг алт, мөнгө зэрэг төмөрлөг эдлэлээр товруу гаргаж гоёдог уламжлалтай.

Адуу, үхрийн зүсмэл урт нарийхан элдсэн хоёроос гурван давхар сураар бүс хийж, түүний гадна сурыг элдсэн харин дотор талынхныг нь дутуу элдсэн ширээр хийж гадна хэсэгт төмөр, зэс зэрэг металлд мөнгөн түрхэц гоёлого бүхий товруу хийдэг байжээ. Энэ нь бүс хийх эдээс хамаарахаас гадна хүний нас, хүйс, эрхлэх ажил болон тухайн үед болж буй үйл явдал баяр наадам, хурим найр зэрэг тусгайлан зориулсан байдаг.

Дээлийн бүс 2.5-3.5м байх бөгөөд бүс бүслэхдээ эгц гол талаас нь авч, хүн урдаасаа хойш дээл хувцсаа нэг ороон нэг үзүүрийг нь зүүн ташаандаа унжуулан хавчуулж, нөгөө хэсгээр нь биеэ дахин нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулан бүслэх ба бүсэн дээр огт гишгэхгүй, шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидан, унтахдаа энд тэнд хамаагүй хаядаггүй заавал дэрэн доогуур тавьдаг заншилтай (уг заншил нь салсныг эвлүүлэх, алив задгайг бэхлэн батжуулах бэлгэдлийн утгыг агуулдаг учиртай).

Зарим нутагт унтахдаа хурган чих эсвэл, туулайн чих зангиддаг нь ганцхан татаад бүрэн тайлагдахаар уран аргаар уясан байдаг. Энэ нь эр хүн ямар ч аюул түгшүүрийн үед бүсэндээ орооцолдож цаг алдахгүй түргэн хувцаслахтай холбоотой (нэг ёсны түргэн шуурхай бэлэн байдалд байх) юм.

Эх сурвалж: zuvluh.com

Шошго
Илүү харуулах

Бусад мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close