Нийтлэл

ГАДААД ХЭЛИЙГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ СУРАХ БЭ?

Одоо цагт аль нэг гадаад хэлээр ярих тэр дундаа англи хэлээр ярих нь жирийн хэрэгцээ төдий зүйл болсон бөгөөд англиар ярих цаашлаад англи хэлний аль ч аялгаар ярьж чаддаг байх хэрэгцээ үүсээд байна. Ямар ч гадаад хэлийг сурахад тухайн хүнээс уйгагүй хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр хэрэгтэй юм. Юун түрүүнд та англи хэлний дүрэм, өгүүлбэрийн бүтэц, үг хэрхэн бүтдэг, холбоо, нийлмэл өгүүлбэр яаж үүсдэг, ямар холбоосууд байдаг гэхчлэн агуулгыг маш сайн судалж суралцвал, урт хугацаанд үр дүнгээ өгсөн сургалт болно шүү.
Аль ч гадаад хэлийг сурахад Input /унших, сонсох, дүрэм, үгсийн сан/ Output /бичих, ярих/ гэсэн үндсэн зарчимтай байна.
Ингээд танд гадаад хэлээ сайжруулах бяцхан зөвлөгөө өгье

1. Унших: Боломж гарвал уншаад л бай. Юу ч уншсан болно, сонин сэтгүүл, хоолны орц найрлага, заавар, хүүхдийн ном, блог гэх мэт. Ойлгох эсэх нь хамаагүй гол нь их унш. Таны унших явцад мэддэг үг тань өөр сэдвийн хүрээнд бага зэрэг өөр утгаар орж байгаатай таарах тусам тухайн үг таны ой санамжид улам бүр батжиж үлддэг. Мөн шинэ үгтэй их таарах тусам таны үгсийг сан арвижих болно. Дараа нь та ойлгохгүй үгээ нэг нэгээр толь бичгээс харах биш /мэдээж харах шаардлагатай үг байвал харна л даа/ харин өгүүлбэрийг бүхлээр нь ямар утга илэрхийлж байгааг сайтар ойлгохыг хичээгээрэй. Ингэж бүтэн өгүүлбэрээр ойлгож эхэлбэл энэ нь алсдаа ярихад маш дөхөм байдаг юм шүү. Хаанаас юу унших вэ гэж үү? Харин ч нэг үеэ бодвол цахимаар унших материал маш ихтэй болсон байна. Та ухаалаг утсандаа “Lingors” апп суулгаад хаана ч өөрийн дуртай сэдвийнхээ хүрээнд уншиж болно. Мөн уншсан номын шинэ үг болон өгүүлбэрээ тэмдэглэж заншвал энэ бас алсдаа таны бичих чадвар сайжрахад тустай юм.

2. Сонсох: Англи хэл дээр сонирхолтой маш олон podcast, Youtube сувгууд мөн TEDx байдаг. Та эдгээрээс өөрийн сонирхолдоо тааруулан жолоо барих зуураа эсвэл гэрээсээ ажил, сургууль хүрэх замдаа сонсоорой. Эхэндээ танд унаган англи хэлээр ярьж буй хүмүүсийн яриаг ойлгоход хэцүү байж магадгүй ч үргэлжлүүлэн сонссоор бай. Удахгүй та түүнээсээ юу яриад байгааг нь мөн олон шинэ үгнүүдийг зөв дуудлагаар нь сурч эхлэх болно. Бас NetFlix-с дуртай киногоо хадмалтай үзсэнээр тухайн үгний дуудлагыг мэдэж авахаас гадна үгсийн сангаа нэмэгдүүлэх ач холбогдолтой. Унших сонсохыг зэрэгцүүлээд л яваарай.

3. Дүрэм: Зарим зөвлөгөөнд дүрэм үзэхээ боль, март гэсэн утгатай зүйл бичсэн байдаг. Энэ бол тийм ч сайн зөвлөгөө биш юм. Та шууд системтэй дүрмийн хичээл үзэхээс өмнө эхлээд хүүхдийн ном үзээрэй. Яагаад гэвэл хүүхдийн номонд дүрмийг маш энгийн амархан байдлаар тайлбарласан байдаг болохоор танд ойлгоход маш амархан байх болно. Дээр унших хэсэг дээр таныг юу ч хамаагүй унш гэж зөвлөсний хэрэг энд гарна. Таны уншиж хэвшсэн гадаад үг, хэллэг бүгд дүрмийн дагуу учир таны нүдэнд, мөн тархинд дүрэм автоматаар тогтсон байгаа. Харин үүний дараа та дүрмийн мэдлэгээ системтэйгээр дээшлүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол жаахан замбараагүй хэрэглэх уршигтай. Дараа нь жаахан шат ахиулаад уншсан номын тэмдэглэлээ дүрмийн дагуу хийж заншвал цаашлаад ямар ч эссэ, танилцуулага, гадаад блог хөтлөх, тэмдэглэл хөтлөх, богино өгүүллэг бичих, эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэндээ и-мэйл илгээхэд туйлын хялбар болно.

4. Бичих: Дээр дурьдсан унших, дүрмийн мэдлэгээ сайжруулах зөвлөгөөг та хэрэгжүүлснээр таны бичгийн чадвар алхам алхмаар дээшлэх болно. Гол анхаарах зүйл нь үгийн сангаа өргөжүүлэх, ингэхдээ дан ганц үг цээжлэх бус харин бүтэн өгүүлбэрээр нь цээжилж хэвшээрэй. Бичиж эхлэхэд таны уншиж байсан туршлага, бичиж байсан богино тэмдэглэл нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр бичгийн чадвар сайжрахаас гадна, таны хэлний мэдлэг академик түвшинд хүрсэн байх болно.

5. Ярих: Энэ бол хамгийн зугаатай хэсэг. Та өөрийгөө сурч буй хэлээрээ ярьж чадахгүй гэж бодож хэрхэвч болохгүй. Таньд ярих хангалттай үгийн баялаг байхгүй ч гэсэн хамаагүй, болж өгвөл унаган англи хэлтэй хүмүүстэй ичиж зоволгүй яриад байгаарай. Та номоо уншаад, подкастаа сонсоод л явж байхад нэг л мэдэхэд таны үгсийн сан арвижиж, дуудлага цэвэрхэн болж /дуудлагаа засахын тулд тухайн хэлээр чанга сонсож, дагаж чанга хэлээд байвал дуудлага сайжирдаг/, хүнтэй ярихад бэрхшээл багатай болно. Үүнд таны уйгагүй хичээл зүтгэл маш хэрэгтэй шүү.

Эцэст нь хэлэхэд ид шидийн дохиураар дохиж байгаа юм шиг нэг л өглөө сэрэхэд та гадаад хэл сурсан байна гэж байхгүй учир алхам алхамаар тогтмол бэлтгэл хийх хэрэгтэй юм. Дахин хэлэхэд таны тэвчээртэй хичээл зүтгэл, хэл сурах чин хүсэл эрмэлзэл байхад та ямар ч гадаад хэлийг төвөггүй сурч чадах болно. Нэг санахаараа үзэх бус байнгын оролдлого чухал юм шүү.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Шошго
Илүү харуулах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close